Icon
Урамшууллын шинэ боломж
Урамшууллын шинэ боломж
WebAIGuide

Урамшууллын шинэ боломж

August 13, 2025·6 min read
Sanchir Enkhbold

Sanchir Enkhbold

Senior Software Engineer

Дэлгүүрийнхээ панелд орвол цэсэнд "Урамшуулал" гэсэн шинэ хэсэг нэмэгдсэнийг анзаарсан байх. Энэ бол таныг өөрийн бүтээгдэхүүн дээр төрөл бүрийн урамшуулал зохион байгуулах боломж олгох зорилгоор бүтээгдсэн шинэ функц юм.

Өмнө нь зөвхөн бүтээгдэхүүний үнийг гараар солих, эсвэл хуучин купон системийг ашиглах л сонголт байсан бол, одоо нэг цэгээс бүх зүйлийг удирдах боломжтой боллоо. Бүтээгдэхүүний урамшуулал, купон код, үнэгүй хүргэлт, захиалгын урамшуулал бүгд нэг дор.

Доор нэг бүрчлэн тайлбарлая.


Ямар ямар урамшуулал тохируулж болох вэ?

Нийтдээ дөрвөн төрлийн урамшуулал байгаа. Тус бүрийнх нь зориулалт, хэрэглээ өөр өөр учраас аль нь танд тохирохыг ойлгоход чухал.

Бүтээгдэхүүний урамшуулал

Хамгийн шууд, хамгийн энгийн нь. Сонгосон бүтээгдэхүүн дээрээ тодорхой хувь эсвэл тогтмол дүнгийн хөнгөлөлт тавина. Тухайлбал "Гутлын ангиллын бүх бүтээгдэхүүнээс 20%" эсвэл "Энэ цамцнаас 10,000₮ хасах" гэх мэт.

Хөнгөлөлт тогтоохдоо гурван хэлбэрээс сонгоно:

  • Хувиар жишээ нь 30%

  • Тогтмол дүнгээр жишээ нь 15,000₮

  • Бүрэн үнэгүй буюу 0₮ болгох

Нэг сонирхолтой зүйл нь бүтээгдэхүүн бүрд өөр өөр утга тогтоож болдог. Тухайлбал А бүтээгдэхүүнд 10%, Б бүтээгдэхүүнд 25% гэх мэтчилэн. Мэдээж бүгдэд нь ижилхэн нэг утга өгч бас болно.

Мөн бүтээгдэхүүний тодорхой хувилбар дээр л урамшуулал тавих боломж бий. Жишээ нь зөвхөн XL хэмжээтэй, эсвэл зөвхөн хар өнгийн хувилбар гэх мэтчилэн нарийвчлан сонгож болно.

X авбал Y авах

"2 цамц авбал 1 малгай үнэгүй" гэсэн маягийн урамшуулал. Хэрэглэгч тодорхой бүтээгдэхүүнээс тодорхой тоо ширхэг авахад, хариуд нь өөр бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй буюу үнэгүй авах боломж нээгдэнэ.

Та хоёр зүйл тодорхойлно:

  1. Хэрэглэгч юуг, хэдийг авах ёстой вэ? (жишээ нь цамц ангиллаас 2-ыг)

  2. Тэгвэл юуг, хэдийг бонусоор авах вэ? (жишээ нь малгай ангиллаас 1-ийг үнэгүй)

Эндээс нэг чухал тохиргоо байдаг. Давхцуулах уу, нэг л удаа юу гэдгийг нь сонгоно. Хэрэв давхцуулна гэвэл хэрэглэгч 6 цамц авбал 3 малгай (6÷2=3) бонусоор авна. Нэг удаа гэвэл хэдийг ч авсан зөвхөн 1 малгай л бонусоор орно.

Бас "аль нэг нь" ба "бүгд" гэсэн тохиргоо бий. Жишээ нь та цамц, өмд хоёр ангиллаас сонгосон гэж бод. "Аль нэг нь" гэвэл хэрэглэгч 2 цамц авсан ч, 1 цамц + 1 өмд авсан ч нөхцөл хангагдана. "Бүгд" гэвэл цамцнаас ч, өмднөөс ч тус бүр заасан тоогоор авсан байх шаардлагатай.

Энэ төрлийн урамшуулал зөвхөн автоматаар хэрэгждэг. Купон кодоор хийх боломжгүй.

Үнэгүй хүргэлт

Нэр дээрээ л байна. Хэрэглэгчийн хүргэлтийн төлбөрийг чөлөөлнө.

Хүсвэл доод босго тавьж болно. "50,000₮-с дээш захиалга хийвэл хүргэлт үнэгүй" гэх мэт. Босго тавихгүй бол сагсны дүнгээс үл хамааран үнэгүй хүргэлт хэрэгжинэ.

Нэг анхаарах зүйл бол сагсан дахь бүх бүтээгдэхүүн таны сонгосон хүрээнд багтах ёстой. Жишээ нь та "Хувцас" ангилалд үнэгүй хүргэлт тогтоосон бол, хэрэглэгчийн сагсанд хувцасны ангиллаас гадуурх нэг ч бүтээгдэхүүн байвал үнэгүй хүргэлт ажиллахгүй. Бүх бүтээгдэхүүндээ хамааруулах бол "Бүх бүтээгдэхүүн" сонголтыг ашиглана.

Захиалгын урамшуулал

Захиалгын нийт дүнд суурилсан урамшуулал. "100,000₮-с дээш захиалга хийвэл 10%" гэсэн маягийн санал.

Гэхдээ энэ зүгээр л хувь хасах төдий биш. Хоёр өөр зүйл тохируулж болно:

  1. Захиалгын дүнгээс шууд хөнгөлөлт буюу нийт дүнгээс хувь эсвэл тогтмол дүн хасна

  2. Бонус бүтээгдэхүүн буюу тухайн дүнгээс дээш захиалга хийсэн хэрэглэгчид нэмэлт бүтээгдэхүүн хөнгөлөлттэй эсвэл үнэгүй санал болгоно

Хоёуланг нь зэрэг хэрэглэж ч болно. Жишээ нь "100,000₮-с дээш захиалга хийвэл 5% хөнгөлөлт, нэмж хэлбэл брэндийн цүнхийг бэлгэнд авна" гэх мэт давхар урамшуулал маш сайн ажилладаг.


Автомат урамшуулал уу, купон код уу?

Урамшуулал бүрийг хэрэглэгчид хүргэх хоёр арга бий.

Автомат урамшуулал бол хэрэглэгч зүгээс юу ч хийх шаардлагагүй. Бүтээгдэхүүний хуудсанд хөнгөлөлттэй үнэ шууд харагдах бөгөөд сагсанд нэмэхэд өөрөө тооцоологдоно. Улирлын акц, дэлгүүр даяарх урамшуулал зэрэгт тохиромжтой.

Купон код бол хэрэглэгч захиалга хийхдээ тусгай код оруулж хөнгөлөлт авах арга. Кодыг та өөрөө оруулж болно (SHINE2026 гэх мэт), эсвэл систем 8 тэмдэгтийн санамсаргүй код автоматаар үүсгэж өгнө. Кодоо Instagram story, Facebook пост, мессэнжэрээр тарааж хэрэглэгчдийг дэлгүүртээ урих боломжтой. Инфлүүнсэртэй хамтарч тусгай код өгөх, шинэ хэрэглэгчдэд зориулсан угтах купон гаргах зэрэгт маш тохиромжтой.


Урамшууллын аян

Бүтээгдэхүүний урамшууллын нэг давуу тал бол аяны горим.

Энэ юу гэсэн үг вэ гэхээр, та урамшуулал дээрээ аяны нэр өгч, дэлгүүртээ тусгай хуудас нээж чадна. Тэр хуудсанд зөвхөн тухайн урамшуулалд хамаарах бүтээгдэхүүнүүд харагдана. Дээр нь баннер зураг тавьж бүтэн урамшууллын хуудас бэлтгэнэ.

Жишээ нь "Хаврын Мега Sale" гэсэн урамшууллын аян зохион байгуулаад, 50 орчим бүтээгдэхүүнд хөнгөлөлт тогтоож, тусгай хуудасны холбоосыг маркетингийн бүх сувгаар түгээнэ. Хэрэглэгч нэг товшилтоор бүх урамшуулалтай бүтээгдэхүүнийг нэг дор харна. Дэлгүүрийнхээ бүтээгдэхүүн дундаас ухаж хайхаас хамаагүй илүү.


Нарийн тохиргоо

Урамшуулал бүр дээр хэд хэдэн нэмэлт нөхцөл тавих боломжтой.

Хугацаа. Эхлэх болон дуусах огноо, цагийг тогтоож болно. Жишээ нь 3 сарын 1-ний 00:00 цагаас 3 сарын 8-ны 23:59 хүртэл. Хугацаа тохируулахгүй бол та гараар унтраах хүртэл урамшуулал хүчинтэй хэвээр байна. Жагсаалтад дуусах хүртэлх хоногийн тоолуур харагддаг болохоор хянахад хялбар.

Хэрэглээний хязгаар. Нийтдээ хэдэн удаа ашиглагдахыг хязгаарлах, эсвэл нэг хэрэглэгчид хэдэн удаа гэж тусад нь хязгаарлах боломжтой. "Эхний 100 хүнд" эсвэл "хүн бүрд нэг удаа" гэх мэт нөхцөл тавина гэсэн үг.

Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид. Энэ тохиргоог асаавал зочин хэрэглэгч урамшуулал авахгүй, зөвхөн бүртгүүлж нэвтэрсэн хүмүүст хамаарна. Хэрэглэгчдийг бүртгүүлэхэд урамшуулах сайхан арга.

Тооцооны суурь. Хэрвээ таны бүтээгдэхүүнд аль хэдийн хямдралтай үнэ тогтоогдсон байгаа бол, шинэ урамшууллыг ямар үнээс тооцоолохыг сонгож болно.

Жишээгээр тайлбарлая. Бүтээгдэхүүний үнэ 100,000₮, хямдралтай үнэ 80,000₮ гэж бод. Дээр нь 10%-ийн хөнгөлөлт тавьж байна.

  • Үндсэн үнээс тооцоолбол: 100,000 × 10% = 10,000₮ буюу эцсийн үнэ 90,000₮

  • Хямдралтай үнээс тооцоолбол: 80,000 × 10% = 8,000₮ буюу эцсийн үнэ 72,000₮

Аль нь тохирохоо бизнесийнхээ стратегиас хамааруулж шийднэ.


Хянах самбар

Урамшуулал бүр дээр хэдэн удаа ашиглагдсан, хэдэн захиалгад орсон, нийтдээ хэдэн төгрөгний хөнгөлөлт олгосон гэсэн тоон мэдээлэл харагдана. Таны ямар урамшуулал сайн ажиллаж, ямар нь тийм ч үр дүн өгөхгүй байгааг ойлгоход тусална. Жагсаалтаас шууд идэвхтэй, идэвхгүй урамшуулалуудаа харж, нэг товшилтоор асааж унтрааж ч болно.


Хэрхэн үүсгэх вэ?

Бодъё, та "Зуны sale 2026" гэсэн бүтээгдэхүүний урамшуулал үүсгэх гэж байна.

  1. Цэснээс "Урамшуулал" руу орно

  2. "Урамшуулал үүсгэх" товчийг дарна

  3. Нэрийг нь бичнэ, жишээ нь "Зуны sale 2026"

  4. Төрлөөс "Бүтээгдэхүүний урамшуулал" сонгоно

  5. Аргаас "Автомат" сонгоно, ингэвэл бүх хэрэглэгчид шууд хамаарна

  6. "Бүтээгдэхүүн нэмэх" дарж урамшуулалд оруулах бүтээгдэхүүнүүдээ сонгоно. Хайлтаар олох, ангиллаар шүүх аль нь ч болно

  7. Хөнгөлөлтийн хувиа тогтооно, жишээ нь 30%

  8. Хугацааг нь оруулна. Эхлэх: 2026.06.01, дуусах: 2026.06.30

  9. "Үүсгэх" товч дарахад баталгаажуулах цонх гарна, нийлбэр мэдээллээ шалгаад батална

Ингээд л боллоо. Тогтоосон огнооноос эхлэн хэрэглэгч тухайн бүтээгдэхүүний хуудсанд хөнгөлөлттэй үнийг харж, сагсандаа нэмэхэд автоматаар тооцогдоно.


Хэрэглээний жишээнүүд

Доорх жишээнүүд бодит нөхцөлд хэрхэн хэрэглэж болохыг харуулна.

Шинэ хэрэглэгч татах купон. SHINE2026 гэсэн купон код үүсгэж, бүх бүтээгдэхүүнд 15% хөнгөлөлт тогтооно. Нэг хэрэглэгчид нэг удаа, зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид гэж хязгаарлана. Кодоо Instagram story, Facebook постоор тарааж дэлгүүрийнхээ шинэ хэрэглэгчдийн тоог нэмнэ.

2 авбал 1 үнэгүй. Цамцны борлуулалтыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ малгайн нөөцөө зарж дуусгах хэрэгтэй гэж бод. Цамц ангиллаас 2 ширхэг авсан хэрэглэгчид малгай ангиллаас 1 ширхэг үнэгүй өгнө. Давхцуулах горим асаавал 4 цамц авсан хүн 2 малгай, 6 авсан хүн 3 малгай бонусоор авна.

Үнэгүй хүргэлт. 50,000₮-с дээш захиалга хийвэл хүргэлтийн төлбөрийг чөлөөлнө. 45,000₮-ийн сагстай хэрэглэгч "бас нэг юм нэмчихье, хүргэлт үнэгүй болно шүү дээ" гэж бодно. Тэгээд сагсны дундаж дүн аяндаа өснө.

Захиалгын давхар урамшуулал. 100,000₮-с дээш захиалгад 5%, нэмж хэлбэл брэндийн цүнхийг бэлгэнд. Ийм урамшуулал хэрэглэгчийг сагсандаа бүтээгдэхүүн нэмж, 100,000₮-д хүрэхийг хичээхэд түлхдэг.

Кампанит ажил. "Хаврын Мега Sale" нэртэй кампанит горим асааж, 50 гаруй бүтээгдэхүүнд 20-40% хөнгөлөлт тогтоож, тусгай хуудсыг баннер зурагтай бэлтгэнэ. Тэр хуудасны холбоосыг маркетингийн бүх сувгаар тараахад хэрэглэгч нэг дарахад бүх урамшуулалтай барааг нэг дор харна.


Мэдвэл зохих зүйлс

Төрлийг нь дараа солих боломжгүй. Урамшуулал үүсгэхдээ сонгосон төрөл дараа нь өөрчлөгдөхгүй. Нэр, утга, хугацаа, бүтээгдэхүүн зэрэг бусад бүх зүйлийг чөлөөтэй засварлаж болно, гэхдээ төрлийг солих бол шинээр үүсгэх хэрэгтэй.

Нэг бүтээгдэхүүнд нэг төрлийн урамшуулал. Ижил төрлийн хоёр урамшуулал нэг бүтээгдэхүүн дээр давхардахгүй. Давхардал үүсвэл систем танд мэдэгдээд, аль нэгийг нь идэвхгүй болгохыг санал болгоно. Харин өөр өөр төрлийн урамшуулалууд зэрэг ажиллаж болно. Жишээ нь бүтээгдэхүүний урамшуулал дээр үнэгүй хүргэлт нэмэгдэж болно.

Үнэгүй хүргэлт, захиалгын урамшуулал тус бүрээс зөвхөн нэг нэг нь. Шинийг нь асаахад хуучин нь өөрөө унтарна.

Нэг захиалгад нэг купон код. Хэрэглэгч нэг захиалгад ганц купон код л хэрэглэнэ. Гэхдээ автомат урамшуулалууд кодын дээр нэмэлтээр ажиллаж чадна.

Алдагдал гарахгүй. Хэдэн ч урамшуулал давхарлагдсан бай захиалгын эцсийн дүн хамгийн багадаа 0₮ байна. Систем нь танд алдагдал учрахаас хамгаалж өгдөг.


Урамшуулалтай холбоотой асуух зүйл байвал 7070-7010 дугаарт залгах эсвэл support@shop.mn хаягаар бичнэ үү.